2025 оны дөрөвдүгээрр сарын 9-12-ны өдрүүдэд Ази Номхон Далайн Өргөн Нэвтрүүлгийн Холбооны (ABU) Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Надим болон олон улсын харилцааны мэргэжилтэн Наргиза Нуманова нар Монгол Улсад айлчилсан нь МҮОНРТ-ийн олон улсын хамтын ажиллагааны хүрээнд онцгой ач холбогдол бүхий үйл явдал боллоо.

Энэхүү айлчлал нь ABU-ийн Ерөнхий Ассамблейн 62 дахь удаагийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн юм. 

Айлчлалын хоёр дахь өдөр зочдод Улаанбаатар хот дахь Шангри-Ла зочид буудлын хүлээн авалтын танхим, мөн Ерөнхий Ассамблей зохион байгуулагдах Корпорейт Конвеншн төвийн байршил, техник хангамж, зохион байгуулалтын нөхцөлтэй танилцах боломжийг олгож, холбогдох уулзалтуудыг хийсэн. Уг өдөр Корпорейт төвд болсон уулзалтаар ABU-ийн Ерөнхий Ассамблейн чуулганы ерөнхий бүтэц, агуулга, зохион байгуулалтын төлөвлөгөөг нарийвчлан хэлэлцсэн.

Айлчлалын гурав дахь өдөр буюу 4-р сарын 11-нд Ахмед Надим тэргүүтэй төлөөлөгчдийг МҮОНРТ-ийн төв байранд урьж, байгууллагын үйл ажиллагаа, дотоод бүтэцтэй танилцуулсан. МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл тэднийг албан ёсоор хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр ABU болон МҮОНРТ-ийн хамтын ажиллагааны ач холбогдол, ирээдүйн чиг хандлагын талаар санал солилцсон. Ахмед Надим "Цаг үеийн үзэл бодол" телевизийн ярилцлагын нэвтрүүлэгт оролцож, ABU-ийн үүрэг, бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн хөгжлийн талаар үзэл бодлоо мөн хуваалцсан. Үдээс хойш МҮОНРТ-ийн удирдлагуудтай хамтран Ерөнхий Ассамблейн хөтөлбөрийг эцсийн байдлаар баталгаажуулсан нь энэхүү айлчлалын чухал үр дүн болсон.

Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр төлөөлөгчдийг Чингис хаан олон улсын нисэх буудлаас үдэн гаргаснаар айлчлал амжилттай өндөрлөсөн. Энэхүү айлчлал нь МҮОНРТ-ийн олон улсын нэр хүнд, зохион байгуулах чадавх, ABU-тай тогтоосон харилцаа холбоог бататгаж, 2025 оны намар зохион байгуулагдах Ерөнхий Ассамблейг амжилттай хэрэгжүүлэх үндэс суурийг тавьсан стратегийн ач холбогдолтой алхам боллоо.