ТҮҮХЭН ЗАМНАЛ
Ерөнхий Ассамблейн түүхэн хөгжил нь холбооны үйл ажиллагааны цар хүрээ тэлж, гишүүдийн оролцоо нэмэгдсэн үйл явцаар тодорхойлогддог. 1970-аад оноос бүс нутгийн телевиз, радиогийн хөгжил эрчимжиж, гишүүдийн тоо өсөж, 1990-ээд оноос хиймэл дагуулын технологи нэвтэрч, техник, хөтөлбөрийн чанар, хүртээмжид илүүтэй анхаарах болсон. 2000 оноос даяаршлын эрин айлчилж, хамтын ажиллагаа улам гүнзгийрсэн бол 2010 оноос хойш уламжлалт өргөн нэвтрүүлгийн хэлбэр өөрчлөгдөж, интернетэд суурилсан контент, хиймэл оюун ухаанд суурилсан бүтээлийн зохицуулалт зэрэг шинэ сэдвүүд анхаарлын төвд орж байна.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, жендэрийн тэгш байдал, гамшгийн үеийн мэдээлэл түгээх бэлэн байдал зэрэг асуудлыг салбарын хүрээнд хэлэлцэж, хамтын бодлого боловсруулах үйл ажиллагааг идэвхжүүлсээр байна.
ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА
Сүүлийн жилүүдэд Ерөнхий Ассамблей нь зөвхөн мэдээлэл солилцох орон зай бус, хэвлэл мэдээллийн салбарын нийгмийн хариуцлага, хөгжлийн хөшүүргийг тодорхойлох, бүс нутгийн хэмжээнд тогтвортой хамтын ажиллагаа өрнүүлэх стратегийн арга хэмжээ болон өргөжөөд байна. Цар тахлын үеэр цахим хэлбэрт шилжсэн нь олон улсын арга хэмжээний уян хатан байдлыг илтгэх нэг жишээ болж, ABU-ийн зүгээс шинэ нөхцөл байдалд дасан зохицсон бодлого, арга барил нэвтрүүлэхэд анхаарал хандуулах болсон юм.