АЗИ, НОМХОН ДАЛАЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ХОЛБОО (ABU)
Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU) нь өргөн нэвтрүүлгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус, ашгийн төлөө бус байгууллагуудыг нэгтгэсэн мэргэжлийн холбоо юм. Анх 1964 онд байгуулагдсан тус холбоо нь бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг өргөжүүлж, гишүүн байгууллагуудын нийтлэг эрх ашиг, хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхийг зорьдог. Өнөөдрийн байдлаар ABU нь дэлхийн 8 бүс нутгийг хамарсан, 65 орны 230 гаруй гишүүн байгууллагатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙ
Холбооны дээд хэмжээний чуулган болох Ерөнхий Ассамблейг жил бүрийн ес, аравдугаар сард зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү Ассамблей нь гишүүн байгууллагуудыг нэг дор цуглуулж, өргөн нэвтрүүлгийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, технологи, контент, бодлогын чиглэлээр хамтын шийдэлд хүрэх чухал гүүр болдог. Чуулганы хөтөлбөр нь салбар хуралдаанууд болон үндсэн хурлаас бүрддэг бөгөөд спорт, хэвлэл, программ, техник, стратеги төлөвлөлт, удирдлагын зөвлөлийн уулзалт зэрэг чиглэлээр тусгайлсан хуралдаанууд явагддаг. Ассамблейн нийт хугацаа нь 4-7 хоног үргэлжилдэг ба гишүүн байгууллагуудын хооронд туршлага, контент, инновацийн солилцоог дэмждэг.
ТҮҮХЭН ЗАМНАЛ
Ерөнхий Ассамблейн түүхэн хөгжил нь холбооны үйл ажиллагааны цар хүрээ тэлж, гишүүдийн оролцоо нэмэгдсэн үйл явцаар тодорхойлогддог. 1970-аад оноос бүс нутгийн телевиз, радиогийн хөгжил эрчимжиж, гишүүдийн тоо өсөж, 1990-ээд оноос хиймэл дагуулын технологи нэвтэрч, техник, хөтөлбөрийн чанар, хүртээмжид илүүтэй анхаарах болсон.
2000 оноос даяаршлын эрин айлчилж, хамтын ажиллагаа улам гүнзгийрсэн бол 2010 оноос хойш уламжлалт өргөн нэвтрүүлгийн хэлбэр өөрчлөгдөж, интернетэд суурилсан контент, хиймэл оюун ухаанд суурилсан бүтээлийн зохицуулалт зэрэг шинэ сэдвүүд анхаарлын төвд орж байна. Мөн уур амьсгалын өөрчлөлт, жендэрийн тэгш байдал, гамшгийн үеийн мэдээлэл түгээх бэлэн байдал зэрэг асуудлыг салбарын хүрээнд хэлэлцэж, хамтын бодлого боловсруулах үйл ажиллагааг идэвхжүүлсээр байна.
ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА
Сүүлийн жилүүдэд Ерөнхий Ассамблей нь зөвхөн мэдээлэл солилцох орон зай бус, хэвлэл мэдээллийн салбарын нийгмийн хариуцлага, хөгжлийн хөшүүргийг тодорхойлох, бүс нутгийн хэмжээнд тогтвортой хамтын ажиллагаа өрнүүлэх стратегийн арга хэмжээ болон өргөжөөд байна. Цар тахлын үеэр цахим хэлбэрт шилжсэн нь олон улсын арга хэмжээний уян хатан байдлыг илтгэх нэг жишээ болж, ABU-ийн зүгээс шинэ нөхцөл байдалд дасан зохицсон бодлого, арга барил нэвтрүүлэхэд анхаарал хандуулах болсон юм.
ОНЦЛОГ
Ерөнхий Ассамблейн сэдэв жил бүр зохион байгуулагдаж буй улс, тухайн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан тодорхойлогддог бөгөөд өмнөх онуудад “Beyond the Wave” (2012, БНСУ), “Media for the Future” (2016, Индонез), “Building Trust: Enriching Audience Experience” (2019, Япон), “Serving the People: Media’s Role in Times of Crisis” (2022, Энэтхэг), “What Comes Next?” (2023, БНСУ) зэрэг сэдвийн хүрээнд өрнөж байв. Эдгээр сэдэв нь салбарын ирээдүй, үүрэг, шинэчлэлийн чиг баримжааг тусгасан онцгой ач холбогдолтой байсан юм.
62 ДАХЬ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙ - УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС, 2025
Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дахь Ерөнхий Ассамблейг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз (МҮОНРТ) 2025 оны есдүгээр сарын 11-15-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь өргөн нэвтрүүлгийн салбарын бүс нутгийн хэмжээний хамгийн өндөр түвшний хурал бөгөөд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
“Role of Media in Safeguarding National & Cultural Heritage” сэдвийн дор өрнөх Ассамблейн үеэр гадаадын 67 орны 250 орчим өргөн нэвтрүүлгийн байгууллагын нийт 400 гаруй зочид, төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирнэ. Энэ нь Монгол орныг дэлхийн 4 тэрбум орчим үзэгчдэд сурталчлах, цаашлаад аялал жуулчлал, эдийн засгийн урсгалыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой арга хэмжээ болох юм.
Ассамблейн гол сэдэв нь тогтвортой хөгжлийн зорилтуудтай нягт уялдаатай байхаар төлөвлөгдөж байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, чанартай боловсрол, эрүүл мэндийг дэмжих, хэвлэл мэдээллийн түншлэлийг бэхжүүлэх зэрэг асуудлуудыг хөндөнө. Ийнхүү Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах нь МҮОНРТ-ийн гадаад харилцаа, олон улсын оролцоог шинэ шатанд гаргах, дэлхийн хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлагад идэвхтэй хувь нэмэр оруулах чухал алхам болж байна.
Ассамблейг зохион байгуулахад шаардагдах нийт төсөв 1.8 тэрбум төгрөгөөр тооцоологдож байгаа бөгөөд энэ хүрээнд зөвхөн хурал зохион байгуулахаас гадна урлаг, соёлын хөтөлбөрүүд, гадаад зочдод зориулсан тусгай арга хэмжээнүүд багтсан болно.
АЧ ХОЛБОГДОЛ
Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий Ассамблейг Монгол Улсад зохион байгуулах нь манай улсын хувьд олон улсын хэмжээнд өөрийгөө таниулах, стратегийн байр сууриа бэхжүүлэх завшаан юм. Энэхүү арга хэмжээ нь зөвхөн өргөн нэвтрүүлгийн салбарын хүрээнд бус, улс орны эдийн засаг, соёл, аялал жуулчлал, олон улсын харилцаанд эерэг нөлөө үзүүлэх өргөн цар хүрээтэй үйл явдалд тооцогдоно.
Ассамблейн хүрээнд гадаадын олон орны хэвлэл мэдээллийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын удирдах албан тушаалтнууд, контент бүтээгчид, технологийн түншүүд Монгол Улсад хүрэлцэн ирж, үндэсний онцлог, соёл, хөгжил дэвшлийг гадаадын хэвлэл мэдээллээр түгээх, сурталчлах томоохон цонх нээгдэнэ. Үүний үр дүнд Монгол Улсын тухай эерэг мэдээлэл олон улсад түгэж, гадаадын жуулчдын урсгал нэмэгдэх, соёлын экспорт тэлэх, бизнесийн шинэ түншлэлүүд үүсэх боломж бүрдэнэ.
Мөн МҮОНРТ-ийн олон улсын тавцан дахь оролцоо, нэр хүнд нэмэгдэж, байгууллагын мэргэжлийн чадавх, сүлжээ тэлэх нөхцөл бүрдэхийн зэрэгцээ дотоодын сэтгүүлч, медиа мэргэжилтнүүдийн ур чадвар, туршлага нэмэгдэх давуу талтай. Үүний сацуу хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийн чиг хандлагыг эх орондоо танилцуулах, шинэ санаачилга, технологийг нутагшуулах, олон улсын түвшинд хамтран ажиллах ур чадварыг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр болно.
62-р Ерөнхий Ассамблей Монгол Улсад зохион байгуулагдах нь манай орны гадаад бодлогын “гурван тулгуур” зарчмын дагуу бүс нутгийн интеграцид идэвхтэй оролцогч болох, зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх, мэдээллийн тэнцвэртэй урсгалыг хангах алхам болно гэдгээрээ үндэсний түвшинд өндөр ач холбогдолтой юм.